АУДИТ БА ТЕХНОЛОГИ

Аудит ба технологи

Үүлэн систем, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийг ашиглан байгууллагууд бүтээмж, хурдаа сайжруулж хэрэглэгчдээ татахаар ажиллаж байна. Тэгвэл аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг авч ирж байна хэмээн нэрлэгдээд байгаа шинэ технологиуд санхүүгийн аудитад хэрхэн нөлөөлж байгаа тухай хүргэе.

Forbes Insight болон KPMG нар хамтран удирдах албан тушаалд ажилладаг, дөчөөс доош насны, 250 орчим санхүүгийн мэргэжилтнүүдээс судалгаа авчээ. Оролцогчдын 56% нь тэдний байгууллага санхүүгийн тайлан гаргахдаа “дэвшилтэт технологи ашигладаг” гэсэн бол 39% нь тэдний байгууллагын “технологийн хэрэглээ хязгаарлагдмал боловч өсч байгаа” гэж хариулсан байна. Түүнчлэн эдгээр санхүүчид “AI, дата анализ, визуализейшн хийх технологи, ажлын үе шатыг автоматжуулах зэрэг нь одоогоор чухалд тооцогдож байгаа бөгөөд хоёр жилийн дараа гэхэд байгууллага бүрт заавал байх ёстой зүйл болно” гэдэгтэй санал нийлжээ.

Харин аудитын тухайд, судалгаанд оролцогчдын 74% нь “манай аудиторууд дэвшилтэт технологи ашигладаг” гэсэн бөгөөд ийм хариулт өгсөн хүмүүсийн 94% нь “эдгээр технологийг ашигласнаар аудитын чанар сайжирсан” гэж мэдэгдсэн байна.

Аудиторуудын ашигладаг технологийн хамгийн эхэнд үүлэн систем (cloud) нэрлэгджээ. Дараагийн байранд дата анализ орсон ба визуализейшн, AI, автоматжуулалт, Natural language processing, роботод суурилсан автоматжуулалт (RPA) зэрэг технологиуд жагсаалтыг үргэлжлүүлж байна. Тоогоор харуулбал:

  • Үүлэн систем – 91%
  • Дата анализ – 73%
  • Визуализейшн – 62%
  • АI – 56%
  • Автоматжуулалт – 55%
  • Natural language processing – 45%
  • Роботод суурилсан автоматжуулалт – 30%

Эдгээр технологийн тусламжтайгаар байгууллагууд ажлын үйл явцыг эхнээс нь дуустал хянах, датан дах сэжигтэй утгуудыг олох, эрсдэл өндөртэй үйл ажиллагааны тухай цаг алдалгүй мэдээлэл авах, санхүүгийн тайлангаа илүү хурдан хугацаанд гаргах зэргээр ажлын үйл явцаа хялбаршуулж байна.

Үүлэн систем яагаад чухал вэ?

Судалгаанд оролцогсдын хамгийн их хэрэглэдэг хэмээн хариулсан үүлэн систем нь платформ хөгжүүлэгч гуравдагч талын этгээдээс зохистой хяналт тавигдаж байдаг найдвартай үйлчилгээ юм. Гэвч санхүүгийн тайлангийн мэдээллүүд гуравдагч этгээдэд хамааралтай байна гэдэг нь энэ технологийг ашигладаг байгууллагуудын санааг зовоосон хэвээр байдаг гэж судалгаанд оролцогчдын 28% нь мэдэгджээ. Нууцлалын гэрээ зөрчигдөх, байгууллагын мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр хандах зэрэг гарч болзошгүй эрсдлүүд байгаа хэдий ч санхүүгийн салбарынхан үүлэн системийг идэвхтэй ашиглаж байна.

Дээр дурдагдсан болон бусад технологиудыг ашиглах явцад гарсан хамгийн том бэрхшээлээр оролцогчдын 41% “датаны дутмаг байдал”-ыг нэрлэжээ. Үүний дараа дижитал датаг үр дүнтэйгээр ашиглах, технологитой зохицох дэд бүтэц дутмаг байгаа зэрэг асуудлуудыг дурдсан юм. Гэвч эдгээрээс үл хамааран технологийн хэрэглээ улам бүр өсөж, санхүүгийн салбарынхан бүтээмжээ дээшлүүлж, хүнээс хамааралтай гардаг алдаа багасаж аудитын салбар илүү ухаалаг болж байна.

Бусадтай хуваалцах