Санхүүгийн үг хэллэг – 4

  • Yндсэн хөрөнгө – Fixed assets

Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал, бизнесийн хэвийн нөхцөлд худалдах зориулалтгүй, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн үйл ажиллгааны болон түрээслүүлэх зориулалтаар ашиглагдаж, анхны өртгөө элэгдлийн байдлаар зардалд аажмаар шингээж байдаг биет хөрөнгүүдийг үндсэн хөрөнгөнд хамааруулна. Үндсэн хөрөнгийг дараах байдлаар ангилна.

  • Газар – Land : Газрын хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлсэн, тэдгээрийн өмчийн шинжтэй газрыг зохих журмын дагуу үнэлсэн үнээр балансад тусгана.
  • Барилга – Building : Бух төрлийн барилга, түүний бүрэлдэхүүнд хамрагдах халаалт, усны, агааржуулалтын, цахилгааны систем орно.
  • Байгууламж – Construction : Зам, гүүр, янз бүрийн талбай зэрэг дэд бутцийн шинжтэй зүйлүүд орно.
  • Машин , тоног төхөөрөмж – Machinery: Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай бүх төрлийн машин, тоног төхөөрөмжөөс гадна дамжуулах төхөөрөмж, нэмэгдэл төхөөрөмжүүд хамрагдана.
  • Тээврийн хэрэгсэл – Vehicle : Бүх төрлийн тээврийн хэрэгслүүд.
  • Багаж хэрэгсэл – Equipment : Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах багаж, хэрэгслийг үзүүлнэ.
  • Тавилга эд хогшил – Furniture : Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах тавилга, аж ахуйн эд хогшил хамрагдана.
  • Дуусаагүй барилга – Construction in progress: Барилгыг барьж байгуулахтай холбогдсон шууд материал, шууд цалин, нэмэгдэл зардлуудыг дуусаагүй барилга гэсэн зүйл ангиар бүртгэнэ. Түүнчлэн барилга, машин техник олж бэлтгэхээр гэрээний дагуу урьдчилж төлсөн зардал үүнд хамаарна.
  • Мал, амьтад – Domestic animals: Хөдөө аж ахуйн үндсэн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн үндсэн сүргийн мал, амьтадыг үндсэн хөрөнгөнд хамааруулан мал, амьтад гэсэн нэрээр бүртгэнэ.
  • Бусад хөрөнгө – Other assets : Дээрх зүйлүүдэд дурьдагдаагүй үндсэн хөрөнгийг бусад хөрөнгө гэсэн хэсэгт үзүүлнэ.

Yндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл – Accumulated depreciation of fixed assets
Бүх төрлийн (газраас бусад) үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцно. Үндсэн хөрөнгийн элэгдлийг шулуун шугамын аргаар тооцно. Байгуулсан элэгдлийг хуримтлагдсан дүнгээр нь балансад харуулна. Балансад үндсэн хөрөнгийг анхны үнэ болон үлдэгдэл өртгөөр тусгана. Анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж үлдэгдэл өртгийг тодорхойлно. Татварын байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд элэгдэл тооцох өөр арга хэрэглэж болно.
• Элэгдэл – Depreciation (Биет хөрөнгөд тооцно)
• Хорогдол – Amortization (Биет бус хөрөнгөд тооцно)
• Шулуун шугамын арга – Straight line method
• Үлдэгдэл өртөг – Book value
• Элэгдлийн зардал – Depreciation expense
• Анхны өртөг – Historical cost
• Хөрөнгийн ашиглагдах хугацаа – Asset’s useful life

Бусадтай хуваалцах