Энроны скандал ба хуурамч санхүүгийн тайлан

Волл Стрийтийн хайрыг татсан, үнэлгээ сайтай, “амжилттай” компани дампуурлаа зарлах өдрийг хүртлээ өндөр ашигтай санхүүгийн тайлан гаргаж хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар байлаа. Хэдэн тэрбумаар тоологдох өртэй гэдгээ зарлахынхаа өмнөхөн хүртэл Энроны санхүүгийн тайлан “ашигтай” харагдаж байв. Үүний тулд тэд ямар нэг арга хэрэглэсэн байж таарна. Өөрөөр хэлбэл тэдний алдагдлыг нуун дарагдуулж, орлогыг нь өсгөж харагдуулах санхүү бүртгэлийн аргыг Энроныхон ашиглаж байлаа.

Тэр арга нь охин компаниуд байгуулах байв. Энрон өөрсдийн охин компанийг байгуулж түүгээрээ дамжуулан өөрсдийн алдагдал, өр төлбөрийг нууцалж байжээ. Толгой компанийг эрсдлээс хамгаалахын тулд SPE буюу онцгой зорилготой хуулийн этгээд гэх нэг төрлийн охин компанийг байгуулах нь тэр үед түгээмэл үзэгдэл байв. Жишээ нь, толгой компани санхүүгийн хувьд эрсдэл өндөртэй буюу бүтэлгүйтвэл өрөнд унаж мэдэх төслийн ажил эхлүүлэхэд охин компанийн нэр дээр санхүүгийн бүртгэлүүдийг хийдэг байв. Энрон энэ аргыг 1990 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд Нью Иорк Таймсын мэдээллэснээр 3000 орчим охин компани Энронд бүртгэлтэй байжээ.

Охин компани байгуулах тухай хуулинд заасны дагуу гурван чухал шалгуур үзүүлэлт байдаг. Нэгдүгээрт, охин компаний дор хаяж 3%-ийг гадны хөрөнгө оруулагчид эзэмших ёстой. Хоёрдугаарт, тухайн охин компанийн хамтрагч түнш нь охин компанийн үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд тэр дундаа охин компани толгой компанийн шийдвэр гүйцэтгэгч утсан хүүхэлдэй болохоос сэргийлэх. Гуравдугаарт, охин компани нь эзэмшигчийн эрсдэлийг ч, ашгийг ч өндөр хэмжээгээр үүрэх. Гэвч Энроны охин компаниуд эдгээр шаардлагыг хангахгахгүй л байв.

Балансаас гадуурх дансаар бүртгэл хөтлөх арга нь олон байгууллагад түгээмэл ашиглагддаг бөгөөд Энронд ч мөн адил байлаа. Харин Энроны ялгаа нь тэд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа “үнэн зөв” харагдуулж байвч ёс зүйн тал дээр нүдээ аньж, чихээ таглажээ.

1993 онд, Энроны охин компани болох Жеди байгуулагдав. Калифорнийн тэтгэврийн агентлаг (CalPERS) 250сая долларын бэлэн мөнгө, Энрон 250 сая доллартай тэнцэх хувьцаагаа нийлүүлэн Жедиг байгуулжээ. Тухайн үед Энроны нэг хувьцаа 16 долларын үнэлгээтэй байв. Таван жилийн дараа, 1998 онд, тэдний хувьцаа 30 доллараар зарагдаж байсан бөгөөд энэ үед Энрон дараагийн охин компанийг байгуулж Калифорнийн тэтгэврийн агентлагаас дахин хөрөнгө оруулалт татах хүсэлт гаргав. Харин CalPERS өмнөх хөрөнгө оруулалтын ашгаа авч байж л дараагийн тохиролцоогоо эхэлнэ гэжээ. 1993 онд CalPERS-н оруулж байсан 250 сая доллар 383 сая доллар болж өссөн бөгөөд шинэ хэлцэл эхлүүлэхийн тулд Энрон энэ мөнгийг төлөх ёстой болов. Гэхдээ, яаж?

Хариулт нь, дахин нэг охин компани. CalPERS-д өгөх мөнгийг олохын тулд Энроний менежерүүд Чевко гэх шинэ охин компани байгуулав. Чевко банкнаас 383сая доллар зээлсэн бөгөөд энэ зээлээр Энрон CalPERS-ийн Жеди дэх эзэмшлийн хувийг худалдан авчээ. CalPERS-ийн хувьд оруулсан мөнгөө 5 жилийн дотор 133сая доллараар өсгөж чадсан нь амжилттай хөрөнгө оруулалт байв. Харин Энроны хувьд бодит байдал тун ярвигтай байлаа. Тэдний охин компаниуд их хэмжээний зээл авсаар байтал толгой компани өндөр ашигтай санхүүгийн тайлангаа олонд таницуулсаар л байв.

Гэвч мөрдөн шалгах аудитын үеэр бүх зүйл тодорхой болжээ. Чевкод 383 сая долларын зээл өгөхдөө банкууд толгой компани Энроны батлан даалтыг шаардсан байна. Тэд ч хууль ёсоор охин компанийхаа зээлд батлан даалт гарган өглөө. Энроны дотоод болон, хөндлөнгийн аудиторуудын үзсэнээр энэ зээл нэгэнт охин компанийнх тул толгой компаний балансаас гадуур бүртгэгдэж байв. Өөрөөр хэлбэл тэд охин компаниудаараа дамжуулан зээл авч, зардлаа нуун далдалж байлаа. Охин компани зээл авч толгой компани баталгаа гаргана. Зээлийн баталгаагаа зарим тохиолдолд хөрөнгө оруулалт хэлбэрээр бүртгэнэ. Хэрэв охин компани зээлээ төлж чадахгүй бол энэ нь нэгэнт балансын гадуур бичигдэх өөр хуулийн этгээд тул толгой компанийн балансад сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Мөн компаниудын хооронд мөнгөн шилжүүлэг хийхдээ тэд балансын хөрөнгө оруулалт хэсгээ нэмэгдүүлэх бичилт хийж байлаа. Жишээ нь, Жеди Чевкод мөнгө шилжүүлбэл энэ нь Жедигийн балансын хөрөнгийн хэсэгт, Чевкогийн балансын бэлэн мөнгө гэх мэт мөн л хөрөнгийн хэсэгт бичигдэж байв.

Ингэж Энрон толгой дараалсан олон охин компани байгуулан зээл авч, нэгээс нөгөөд нь мөнгө шилжүүлэхдээ үүнийгээ зээл биш хөрөнгө оруулалт гэсэн зарчмаар бүртгэж, охин компаниуддаа хөрөнгө зарж толгой компанийн борлуулалтын орлогоо хуурамчаар хөөрөгдөн бүртгэж байв.

Понзигийн систем шиг замбараагүй болсон санхүүгийн гэмт хэрэг илрэхэд Энрон 10.2 тэрбум долларын өртэй байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Гэвч сүүлд хөндлөнгийн шинжээчдийн хийсэн дүгнэлтээр тэдний өр үнэн хэрэгтээ 22.1 тэрбум болсон байв.

Хөрөнгө оруулагчдын анхаарлыг цаг ямагт татаж, Волл стрийтийн од болон гялалзаж, медиагийнхан амаа олохгүй магтаж байсан энэ компанийн хөшигний ард үнэн хэрэгтээ санхүүгийн гэмт хэрэг явагдаж байсан юм. Тухайн үедээ таван том аудитын компанийн нэг байсан Артур Андерсан ч Энроны худал хуурмагийг илчилж чадаагүй, эсвэл ил болгохыг хүсэлгүй явсаар байсан нь 2001 онд олон дэлгэгдсэн билээ. Энэ дуулианаас болж Артур Андерсан санхүүгийн салбарын тоглогчдын хамгийн чухал үнэт зүйл болох нэр хүндээ алдаж аудитын зах зээлээс шахагдан гарчээ.

Дотоод аудиторууд ёс зүйтэй, мэргэжлийн өндөр чадвартайгаар ажилладаг бол Worldcom-ын жишээ шиг санхүүгийн гэмт хэргийг дотроосоо илрүүлж чаддаг. Харин ёс зүйгүй санхүүгийн ажилтнууд, менежерүүд хуурамч тайлан гаргаж, худал мэдээллийг тараах магадлалтай. Санхүүгийн тайлангийн аудитын үеэр энэ төрлийн асуудлууд илрэх нь бага байдаг. Учир нь ашиглан, мөнгөний залилан, эрх мэдлээ хэтрүүлэн зүй бус шийдвэр гаргах, эрх бүхий этгээдүүдтэй хамтран мөнгө угаах, санаатайгаар хуурамч тайлан гаргах зэрэг гэмт хэргүүдийг шалгах ёстой хүмүүс нь тусгайлан мэргэшсэн мөрдөн шалгах аудиторууд юм.

Гэрэл зургийг : http://www.unsplash.com

Эх сурвалж : http://www.econcrises.org

Бусадтай хуваалцах