С.Баярхүү /Бизнесийн удирдлагын магистр, Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх/ ХААИС-ийн ЭЗБС-ийн НББ-ийн тэнхимийн багш

Таны туршлагаар, нягтлан бодогч мэргэжлээр сурч байгаа хүмүүст хамгийн их хэрэг болдог чадварууд юу вэ?

Ирээдүйд мэргэжлээрээ амжилттай ажиллахын тулд оюутнууд сурч байх үеэсээ эхлэн нягтлан бодогч хүнд байвал зохих чадваруудыг эзэмших хэрэгтэй. Бүртгэл, тооцооны ажил нь тодорхой стандарт дүрэм журмын дагуу явагддаг өндөр хариуцлагатай ажил учраас нягтлан бодогч хүн техникийн ур чадварыг маш сайн эзэмшээд зогсохгүй мэргэжлийн ёсзүйг нарийн баримталж ажиллах ёстой байдаг. Мөн удирдлагад, бизнесийн бусад оролцогч талуудад эдийн засгийн шийдвэр гаргалтанд тус болохуйц үнэ цэнтэй санхүүгийн зөвлөгөөг өгч ажиллахыг орчин үеийн нягтлан бодогчдоос давхар шаардаж байна.

АССА глобал байгууллагын тодорхойлсноор ойрын ирээдүйд нягтлан бодогчидоос дараах чадваруудыг нэн түрүүнд шаардаж байна гэж нийтэлжээ:

  • Техник ур чадвар ба ёсзүй (technical skills and ethics – TEQ):
  • Оюун ухааны чадавх (Intelligence – IQ)
  • Бүтээлч чадвар (Creative – CQ)
  • Цахим хэрэгсэл ашиглах чадвар (Digital – DQ)
  • Сэтгэл хөдлөл, харилцааны чадвар (Emotional intelligence – EQ)
  • Алсын хараа (Vision – VQ)
  • Туршлага (Experience – XQ)

Тэгэхээр нягтлан бодогч мэргэжлээр сурч байгаа, мөн ажиллаж байгаа хэн бүхэн дээрх ур чадваруудыг тодорхой хэмжээнд өөртөө бий болгож байж орчин үед эрэлттэй мэргэжилтэн болохоор байна.

Нягтлан бодогч байхын давуу болон сул тал юу вэ?

Нягтлан бодогч хүн аливаа зүйлийг ул суурьтай судалж шинжилж, бодитой дүгнэлт гаргах чадвартай болдог. Уг мэргэжил нь нягтлан бодогч хүний өдөр тутмын хувийн амьдралд ч их хэрэг болдог бөгөөд наад зах нь хувийн санхүүгийн сахилга баттай байж, өрхийн санхүүгээ амжилттай удирдахад чухал нөлөөтэй байдаг. Нөгөө талаараа аливаа зүйлд бодит баталгаа нотолгоо хайж, шийдвэр гаргахдаа эрсдэл хийхээс зайлсхийн, хэт няхуур хандаж цаг хугацаа алддаг. Гэхдээ “долоо хэмжиж нэг огтлох”-д айхтар буруудах зүйл юу байхав (инээв).

Шинээр хөгжиж буй технологи, программууд нягтлан бодогчдын ажил үүргийг өөрчилнө гэдэгтэй та санал нийлэх үү? 

Санал бүрэн нийлнэ. Сүүлийн 10-аад жилд технологийн дэвшил нягтлан бодогч бидний ажилд томоохон дэвшил авчирсан гэж би боддог. Нягтлан бодогч бидний хамгийн их цаг, хүч зарцуулдаг бүртгэл хөтлөлт, тооцооны механик ажлыг санхүүгийн програм хангамжийн тусламжтайгаар хялбаршуулснаар орчин үеийн нягтлан бодогчдоос шаардаж байгаа удирдлагад, бусад оролцогч талуудад оновчтой шийдвэр гаргалтанд нь туслах үнэ цэнэтэй мэдээллээр хангаж, зөвлөгөө өгөх тэрхүү ажилдаа анхаарал хандуулах боломжийг бий болгосоор байна. Ингэснээр өндөр ур чадвартай нягтлан бодогчдийн үнэ цэнэ, үнэлэмж зах зээлд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Бусадтай хуваалцах