Л.Батцэнгэл /ММНББИ-ын Аудит ёс зүй хариуцсан дэд захирал/

Нягтлан бодогч мэргэжлийг сонгосондоо хамгийн их баярлаж байсан тохиолдол тань юу вэ?

Намайг ХААИС-ийн төгсөх жилийн оюутан байхад Нягтлан бодох бүртгэлийн улсын анхдугаар олимпиад болсон. Аз таараад ч гэх үү тэр үед би энэ олимпиадад оролцож түрүүлээд дараа нь сурч төгссөн их сургуульдаа багшаар үлдсэн. Их сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад ажилласан энэ хугацаанд “нягтлан бодогч болсон минь буруу шийдвэр байжээ” гэж хэзээ ч бодогдож байгаагүй гэхээр би мэргэжилдээ үнэхээр дуртай. Мэргэжлийн багшаар ажиллаж байгаадаа би хамгийн их баяртай байдаг. Учир нь өөрийн сурсан мэдсэнээ бусад хүмүүст хуваалцах их үнэ цэнэтэй зүйл.

Анх ажлын гараагаа эхлэхэд тулгарсан хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

Их сургуулиа төгсөөд гурван жил багшаар ажилласны дараа би тэнхимийн эрхлэгчээр томилогдсон. Ажлаа аваад тэнхимийн анхны хурлаа хийх болтол тэнд байсан хүмүүс бүгдээрээ миний багш нар байлаа. Би их сандарч, багш нартаа үүрэг даалгавар өгөх хүртэл хэцүү санагдаж байсан. Хурлын дараа миний сандарч тэвдсэнийг анзаарсан багш нар минь надтай ярилцаж тусалж дэмжихээ хэлсэн. Одоо бодоход тэр хурал л их хэцүү байж дээ. Үүнийг эс тооцвол боловсролын орчинд, сайн хамт олны дунд ажиллаж байсан учраас надад хэцүү зүйл байгаагүй.

Бусадтай хуваалцах